
|
Radigan Neuhalfen |
|
Хээр тал Н.Радиган орчуулсан Б.Наранцэцэг
Хоёрдугаар бүлэг
Улаанбаатарт болсон эмгэнэлт явдлын дараа би гэрийнхээ түлхүүрийг найздаа үлдээгээд хоёр морь худалдаж аван хэзээ эргэж ирэхээ ч мэдэхгүй тал нутгийг зорьсон юм.
Тэр үед хавар цаг байсан ч харин одоо намар орой болжээ.
Хээр талын гүнд цөөн хэдхэн гадаад хүмүүс байх ажээ. Үнэндээ монгол бол дэлхийд хамгийн сийрэг хүн амын суурьшилтай улс. Би хээрээр хэсүүчилж явахдаа армаг тармагхан айл гэрүүд, жижиг суурин газруудад ганц нэгээрээ тааралдах сайн дурын хүмүүнлэгийн ажилтан, антропологич эсвэл шашин дэлгэрүүлэгч гээд гарын таван хуруунд багтахаар цөөн тооны гадны хүмүүстэй уулзаж билээ.
Гэвч тэдний хэн нь ч Будда байсангүй. Би түүнийг ер бусын хүн байх учиртай хэмээн бодож байлаа.
Буддаг америк хүн мөн эсэхэд би бүрэн итгэлтэй байсангүй. Ер нь аль ч улс оронд харийн хүний яс үндсийг тодорхой хэлэхэд амаргүй байдаг шүү дээ. Тэгсэн хэдий ч түүнийг америк хүн байж ч магад гэж битүүхэндээ хүсч байлаа. Үл таних соёлт газар удаан хугацаанд амьдарч байхад өөрийн төрөлх хэл соёлт хүнтэй учирч ярилцах шиг жаргал юу байх вэ дээ. Би америк хүнтэй хамгийн сүүлд уулзаж ярилцсан тэр цагаас хойш их л удаан хугацаа өнгөрчихсөн байлаа.
Тиймээс ч би горхийн дэргэд байх жижигхэн гэрийг орхин одохдоо Буддаг эрж олохоор өмнө зүгт мордлоо.
Буддаг хайж олоход хэдий хэр хугацаа шаардлагатай эсэхийг мэдэхгүй ч би хойш урагш хөндлөн гулд эрлийн замаа улам өргөсгөн нуман хэлбэрээр явж байлаа.
Би түүнийг эхний өдөртөө олж уулзсангүй. Нар хэдийнэ хэлбийж тэнгэрийн хаяа руу шурган улбар шар туяа талыг нөмөрөхөд би ч морьдоо амрааж хоноглохоор болов.
Ачаагаа морьдоос буулгаад үүргэвчээсээ хоёр резин сав, алх, гадаснуудыг гаргалаа. Савнуудын унахаас хамгаалж гадсанд тогтоогоод дотор нь авч явсан уснаасаа юүлж морьдоо услав. Тэднийг ууж дуусахад нь чөдөрлөж хээр тавив.
Тэгээд л өөрийн хоноглох газраа төвхнүүлэв. Эхлээд хуйлаастай дэвсгэрээ газар дэлгээд салхинаас хамгаалах санаатай үүргэвч, эмээл зэргийг баруун хойд талд ойрхон тавив. Би гал түлсэнгүй, хонины борц, лаазалсан вандуй, хатуу чихэр зэргээр хооллов.
Тэгээд зүүн урагш нилээд холхон очиж хүндэрлээ. Ядах ч зүйлгүй гутлынхаа өсгийгээр ганц сэндийлж нүх гаргасан юм. Хэдийгээр миний хоноглох газраас зайдуухан бас салхины дор байгаа гэдгийг мэдсэн ч үнэр нь хээр хүн байгаа гэдгийг зэлүүд газрын амьтанд мэдэгдэхгүй гэсэн хэрэг байлаа.
Савнаасаа хэсэг ус авч гараа савандаж угаагаад, дараа нь шүдээ цэвэрлэж сахлаа хусав.
Үүргэвчээсээ хонины арьсан дээл олж гаргаад, малгайгаа авч эмээлийн бүүрэг дээр тохов. Тэгээд дээл, гутлаа тайлж, жинсэн өмдтэйгээ үстэй дээлэнд биеэ ороож дэвсгэр дээрээ Чингэс хааны үеэс ч урьд олон мянган жилээр уламжлан тахин шүтэж ирсэн монголын хөх тэнгэрийг ширтэн дээш харан хэвтлээ.
Ингэж л миний аяллын ердийн нэг өдөр дуусав. Олон арван удаа нилээд хугацаагаар давтагдсаар улам л сурамгай дадамгай болж байлаа. Байнга түлш хомс аргалаас өөр зүйлгүй, тэгээд ч хээр тал бүхэлдээ хуурай учраас гал түймэрийн аюул энүүхэнд болохоор би хааяа л гал түлдэг байлаа.
Үдэш бүр хээрийн сэрүүн салхи хацар нүүрийг илбэн би ч тэрхэн зуурт нойрсоно.
Тэр нэгэн шөнө би гэнэт сэрж анир гарахыг сонсов. Би дээш харан тэнгэр өөд ширтэж цээжиндээ гараа зөрүүлэн чагнан хэвтлээ. Нойрноосоо намайг бүрэн сэрэх хэдхэн агшинд өнөөх чимээ бүүр түүр дуулдаж байснаа улам тодров. Аймшигтай муухай дуу чимээ гарч байлаа.
Төмөр зүйлс хоорондоо харчигнан харшилдаж тэмцэлдэн тулалдах ажээ. Хээр талын хаа нэгтээгээс гарах тэрхүү чимээ цаана дуулдах нь алсад байгаа бололтой. Чухам аль зүгээс гарч байхыг би олж мэдсэнгүй. Тэрхүү чимээн дундуур нэг дараа нь бас өөр нэгний орилох дуун сонсдоно.
Би эрүүгээ цээжиндээ хүртэл толгойгоо өндийлгөж бүр анхааралтай чагналаа. Тэрхэн зуурт өнөөх чимээ бүдгэрч эхэллээ. Хоёр гурван хором өнгөрөхөд улам бүдгэрсээр алга болов.
Би үстэй дээлээ өмсөнгөө босч зогслоо. Хээр талд шинý саран гийõ аж. Тэнгэрт түгсэн оддыг хараад шөнө дунд хэдийнэ өнгөрсөн болохыг би тааварлав.
Тэгээд морьдын зүг харвал тэд миний хойно, байгаа газраас минь нилээд хэдэн метрийн цаана тайван зүүрмэглэж байлаа.
Хээр тал ч аниргүй. Баруун хойноос зөөлөн агаад сэрүүн сэвшээ салхи хацар нүүрийг жиндүүлнэ. Би гутлаа углаж хуйтай хутгаа авч баруун түрийндээ шургуулаад өмсөж байгаа үстэй дээлээ бүслэв. Тэгээд үүргэвчээсээ дайзтай сум, ангийн буугаа авч угсарсан боловч цэнэглэсэнгүй.
Эргэн тойрноо хэдэнтээ харуулдахад тэнд харанхуй, нам жим дунд зүүрмэглэх морьдоос өөр юу үзэгдсэнгүй.
Би буугаа гартаа барьсаар баруун зүгт хэдэн зуун алдын зайд орших өгсүүр газар тийш алхлаа. Сэм сэмхэн гэтсээр дөхлөө.
Эргэн тойрон тэгш тал дунд багахан өргөгдсөн тэрхүү өндөрлөг дээр гараад би удаан гэгч нь зүг бүр тийш харж зогсов. Гэвч юу ч үзэгдсэнгүй. Тал газарт ердөө л шөнийн харанхуй дүнхийж өвс ургамал харлаж харагдана. Өндөрлөг дээр сэвшээ салхи илүү хүйтэн байх бөгөөд малгайгүй явсан болохоор толгой минь даарч эхэллээ.
Тэгээд би баруун зүгт нэгтээ сайтар харж аваад буцлаа. Түнэр харанхуйд морьд маань ч бараг харагдахгүй байв.
Тэгээд зүүн тал руугаа нулимчихаад хатуу савхин гутлаараа газар дээр чанга чанга гишгэлж явлаа.
Би гутлынхаа түрийнээс хутгаа гаргаж бууны хамт дэвсгэрийн хажууд газарт тавиад дээлийнхээ бүсийг тайлж аваад өмд, гуталтайгаа хэвтлээ. Хэсэг зуурт одод ширтэн дээш харан хэвтсэн боловч удалгүй гүн нойронд автав.
Дараачийн өдөр би дахин Буддагийн эрэлд гарч өнөөх л янзаараа үргэлжлүүлэн явлаа. Ингэж явахдаа өмнө зүгт зүүнээс баруун, баруунаас зүүн тийш улам л урт бас өргөн нуман хэлбэр гаргаж урагшлав. Үд дунд, үдийн хойно халуун нар төөнөнө.
Ийнхүү явахдаа би өнгөрсөн шөнийн жигтэй явдлын тухай эрэгцүүлэн бодлоо. Хээр талаар олон сар аялахдаа шөнөдөө голдуу сэрчихдэг байсан. Гэлээ ч би хээрийн шөнийн тааламжит сайханд баясаж хэсэг зуурт хэвтдэг байлаа. Хэдхэн удаа бороо орсноос бус шөнө бүхэн үргэлж амгалан тайван байдаг билээ. Харин урьд шөнийн болсон явдал шиг зүйл өмнө нь хэзээ ч тохиолдож байсангүй.
Бүрэнхий болохын хирд нэгэн түүдэг гал, түүний дэргэд нэгэн хүний дүрс сүүдэртэн байхтай тааралдав. Жижигхэн довцгийн зүүн талаас ороож дээр нь гарвал тэндээс хэдхэн километрийн цаана тэр гал байхыг нэгэнтээ олж харав. Нар өмнөхөн талд минь байлаа. Би түүдэг галыг зорилоо. Өнөөх хүн түүний хойд талд явган суугаад өвдөг дээрээ тохойгоо тулж хоёр гараа урдаа авчээ.
Намайг дөхөж ирэхэд тэр над руу анзаарч харав.
Тэр нэг л танил харагдана.
Би мориноосоо буулгүй түүнтэй ярилцлаа.
-Ар зингз уэль? гэж би англиар мэнд асуухад, Сайн байна уу?
-Зингз ар уэль гэж тэр үгээ зөөж ядан англиар хариулав. Сайн.
Би ч тэр даруй л түүний аялга ер бусын болохыг мэдлээ. Тэр нь америк аялга биш байв. Түүнд америк гэхээр зүйл юу ч үгүй юм гэж би бодлоо. Гэвч монголд ирээд олон жил, бас хангалттай хэдэн сарыг ганцаараа хээр талд өнгөрүүлсэн миний аялга ч нилээд өөр болсон байж ч магад.
Би цулбуураа эмээлийн бүүргээс ороогоод мориноос үсрэн буув. Тэр ч босов. Тэр эр цэнхэр дурдан бүс бүсэлсэн хар ногоон дээл өмссөн агаад түүний дээл хир суугаагүй боловч тоосонд дарагдсан, бас хуучирсан боловч нэг их өмсөж элээгээгүй байх ажээ. Би түүн рүү очин гараа сунгаж,
-Миний нэр Раднаа. Рад гэж дуудаж болно оо гэж англи хэл дээр ярьж буй даа сэтгэл догдлон өөрийгөө танилцуулахад,
-Би Баатар гэж тэр хэлэв.
Би үүнийг сонсоод нийтлэг монгол нэр байна гэхээс илүү зүйл бодсонгүй. Гадныхан хийгээд цагаачилж ирэгсэд тухайн улс орны хүний нэрээр нэрлэгдэнэ гэдэг ер бусын хэрэг. Раднаа гэдэг нэр намайг хаана ч байсан гэсэн миний ïасïортод албан ёсоор бичигдэхгүй нь мэдээж.
Уулзахад таатай байна гэж хэлээд түүнтэй гар барив.
Түүний нүүрэн дээр ургасан цөөн хэдэн сахал үсний цаанаас инээвхийлэх аядана.
Хэдэн хувь өнгөрөхөд тэр,
-Тал хээр нутагт тавтай морил гэхэд нь би инээд алдав.
-Надад архи бий гэж хэлээд би морьд руугаа очиж үүргэвчээсээ хагас литрийн лонхтой архи гаргаж барьсаар Баатар руу эргэж алхав. Тэр өнөөх л янзаар бохирч суугаад мушилзан гал өөд гөлрөнө.
Энэ үед орчин тойрны туйлын ядуу байдал миний нүдэнд тусах нь тэр.
Түүдэг галыг тойруулан хоёр давхарлаж нямбай өрсөн чулуунууд харласан байх агаад түүний баруунтаа хэдэн сагсгар мод овоолсон байлаа. Баатарын өмнө нэг богино бүдүүн модны үзүүр шатаж үзэгдэнэ. Ойр хавьд өвс ургамал гэж үгүй хуурай хүрэн шороон хөрстэй аж. Баатарын ар талд, хойд зүгт нэгэн тоос шороотой хуучирсан хөх хөнжил хайш яйш хэвтэнэ. Тэр газарт зөвхөн тэр эр, өнөөх хөнжил, галын шилээвэр, хэсэг түлээ, чулуун тулга түүн дотор асах түүдгээс өөр зүйлгүй.
Би буцаж үүргэвч рүүгээ очиж хоёр жижиг төмөр аяга авав. Тэгээд шил архи, аягануудаа барьсаар түүдэг галын зүүн талд бохирч суулаа.
Архитай лонхны тагийг нээж аяга тус бүрт хийгээд нэгийг нь Баатарт өгөхөөр сарвайв.
Түүдэг галыг цоо ширтэх түүний царайг хараад миний дотор хирдхийлээ.
Тэр харцаа өөд болгоод аягыг авахаар сарвайхдаа зүүн гараа тохойдоо хүргэж баруун гараараа тосов. Тийнхүү тосох зуурт дээлийн ханцуй хойш буцаж баруун талын бугуйндаа шир ороож зүүсэн байхыг би анзаарсан юм.
Тэр аягатайг өргөн бариад “Ботомс аï” гэхэд нь
-Тогтооё гэж би монголоор хэлбэл
-Тогтооё гэж тэр ч давтав.
Бид архиа ууцгаав. Тэгээд тэр надад аягыг буцааж өгөхөд би дахин архи аягалаад дундаа тавилаа.
Бид юу ч ярилцсангүй. Нар жаргасан болохоор түүдгийн галыг ширтэцгээнэ.
Хээр талд харанхуй нөмрөх тэр мөчид түүдэг галын өмнө суух сайхан байлаа. Би аягатайгаа авч тогтоогоод нар жаргах сүүлчийн агшинг харлаа.
Тэгтэл Баатар:
-Анд минь, архиар дайлсанд баярлалаа гэж хэлээд аягатай архийг авч хөнтөрлөө. Би түүн рүү харсан боловч тэрээр дахин юу ч дуугарсангүй. Аягыг газарт тавиад баруун зүгт харцаа шилжүүлэв. Тэр үед би нэгэн илд олж харах нь тэр. Баатарын цаад талд хөнжлийн ойролцоо дам илд байна. Түүдэг галын гэрэлд урт тахир илд гялалзана. Тэрээр хуучнынх агаад 800 жилийн тэртээ байлдан дагуулж явсан монгол морьтон цэргүүдийн сэлэмтэй адил харагдах аж.
Баруун зүгт харцаа салгалгүй тэнгэрийн хаяа ширтсэн хэвээр Баатар баруун гараа ар тийш сунгаж илдийн бариулыг атгав. Тэгээд гартаа түүнийг барьсаар босч тэр харж байгаа зүгтээ алхлаа.
Би түүний холдон явахыг ажиглаж сууснаа араас нь “Баатар аа,” гэж хурдхан дуудаад “Би өнөө орой энд хоноглож болох уу?” гэв.
Тэр алхаж явснаа зогсоод над руу тэргүүнээ эргүүлэхэд түүнийг харцыг ойлгох аргагүй байтал “Но үоррийз” гэж хэлээд зорьж явсан зүгтээ эргэж харан цаашиллаа. Зүгээр ээ. Тэр удалгүй дорно зүгт жаргаж буй нарны туяанд уусан үзэгдэхгүй боллоо.
Би өдрийн гэрлийн сүүлчийн сиймхийд бушуухан тогтож заншсан ажлаа амжуулахаар бослоо. Тэгээд түүдэг галын зүүн талд дэвсгэрээ дэлгэж, аяны үүргэвч, эмээл зэргийг төвхнүүлэв.
Дараа нь хэдэн хоромд би хээрийн шөнийн харанхуйд Баатарыг олж харах гэж бас түүнээс чимээ сураг гарахыг сонсох гэж чармайв. Тэгээд түүнийг мөд ирэхгүй нь гэж шийдээд асаж буй түүдэг дээр шороо асгаж бөхөөв.
Би гэдрэг харан тэнгэр өөд харж хэвтлээ. Ямар ч салхигүй нам гүм дунд тэнгэрт түгэх оддыг ширтэн ажиглах зуурт маш их ядарснаа мэдэрч төдөлгүй бөх гэгч нь нойрсчээ. Энэ бол хээр талд өнгөрүүлсэн нэгэн урт өдөр байж билээ. Гүн шөнөөр би дахин сэрчихлээ. Тал саран хээр талыг бүдэг бадаг гэрэлтүүлнэ.
Баатар эргэж ирээгүй л байлаа. Би галын ойр орчмыг тэгээд тал газрыг ажиглан харав. Тэгээд бас л анир гарахыг сонсов.
Тэрхүү чимээ алсад дуулдах агаад өнөөх л урд шөнийнхтэй адил хатуу зүйлс хавиралдан тэмцэлдэж бас хааяа нэг орилох дуун гарна.
Би морьдоо олж харвал тэд зүүрмэглэсээр.
Би өндийн босоод буудаллаж байсан газрыг тойрон хэсэг алхсан боловч юу ч олж харсангүй төдийгүй тэр дуун аль зүгээс гарч байгааг ч мэдэж чадсангүй. Тэгээд унтахаар буцав. Өнөөх чимээ бүдгэрч байсан ч бүр л намжсангүй.
Би эргэж унтахын өмнө түүнийг чих тавин чагнаж хэвтсээр хичнээн удсан болохыг бүү мэд.
|
|
Хээр тал - хоёрдугаар бүлэг |
|
"Reads with full flavor, understandable for both people of the steppe and people inspired by it."
|
|
English | Монгол |

|
Home | The Steppe | Biography | Blogs | Networks | Bibliologue | Recommended | Links | Contact |
|
Copyright © 2007 Radigan Neuhalfen and Radigan LLC. All rights reserved. Painting by D.Ganbold: “Creature of the Steppe: Gantsaaraa,” 2007. |