Radigan Neuhalfen

Хээр тал

Н.Радиган

орчуулсан Б.Наранцэцэг

 

 

Нэгдүгээр бүлэг

 

Тал нутаг яг л далай мэт. Хээр талд ирсэн хэнд ч ертөнцийн зүг бүр тийш тэлсэн уудам төрх нь тэнгэрийн хаяаг газартай нийлсэн гэлтэй аж.

 

Би нэгийг нь өөрөө унаж, нөгөөд нь аяны үүргэвч зэргийг ачсан морьдтойгоо намхан толгойн оройд гаран зогсоод түүний дор бэлд нэг гэр байх агаад бас цаахна талд нь жижигхэн хөндийг олж харлаа. Өдөр ч өнгөрч, үдшийн бүрэнхий хөндийг бүрхэн байлаа.

 

Би тэрхүү гэрийг бараадан дөхлөө. Гэр дотор морьдын ойртох чимээ дуулдав бололтой шар, улаан босоо өргөн судалтай хөх, улбар шар өнгө хосолсон намхан модон хаалга нээгдэж нэгэн өвгөн бага зэрэг бөхийсхийн гарч ирэв. Би ч дөхөж очих зууртаа гараа өргөж:

 

-Сайн байна уу? хэмээн мэнд асуувал,

 

-Сайн, сайн гэж тэр хариу мэндлэв.

 

Би ч мориныхоо жолоог татан зогсоож хол замд өвдөг хөшиж хөндүүрлэснээс болоод эмээлээсээ аажуухан буув. Гэрийн гадаах уяан дээр нэгийг нь эмээллэсэн хоёр морь байх агаад би ч морьдоо уялаа.

 

Тэгээд өвгөний зүг дөхөх зууртаа дээлийнхээ өврөөс даалинтай хөөргөө гаргалаа. Бид бие биедээ бүр ойртон ирэхэд тэр ч миний царайг танихтай болов. Би түүнд хөөргийг баривал тэр баруун гараа сарвайснаа гэнэт инээвхийлэв. Өвгөн хөөргийг авч толгойг нь хагас нээгээд тамхиллаа.

 

Тэр хөөргийг надад буцааж өгөх зууртаа “Хаанаас явж байна даа?” гэхэд нь, “Улаанбаатараас” гэж би хөөргөө даалинд нь хийлгүй барьсаар хариулав.

 

Тэр дахин жуумалзаж “Ты русский?” гэж надаас оросоор асуухад нь,

 

-Үгүй ээ, би америк хүн гэж монголоор хариулав.

 

Тэр эелдгээр инээмсэглээд эргэж харан хаалгыг нээж ороод гараараа над руу далласхийн “ор, ор” гэхэд нь би ч түүний араас дагав.

 

Би гэрт ороод хаалгыг хаагаад эгцлэн зогсоход өнөөх өвгөн “Хараач, бас нэг америк хүн ирлээ,” хэмээн баясгалантай нь аргагүй гэрт байсан эмэгтэйчүүдэд хэллээ.

 

Гэрт зуухны дэргэд нэг нь настай, нөгөө нь залуу хоёр эмэгтэй сууж байв. Тэд над руу гайхсан царайтай амаа ангайн зуухны дээгүүр харна. Би ч яаран:

 

-Сайн сууж байна уу? Мал сүрэг тарган тавтай байна уу? гэж амрыг асуулаа.

 

Тэд хоёул жуумалзан, залуу эмэгтэй нь “сайн, сайн” гэж хариулав.

 

Гэрт өөр эрэгтэй хүн байсангүйд би хөөргөө даалинд нь буцааж хийгээд өвөртлөв.

 

Би гэрийн зүүн талаар хананд өлгөөстэй эмээлийн хажуугаар явж зуухны хойно байсан намхан улбар шар ширээний дэргэдэх жижиг сандал дээр суув. Өнөөх өвгөн гэрийн хойморт хөөргөө гаргаад барьчихсан сууж байлаа. Тэр инээвхийлсэн чигээр надад хөөргөө барив.

 

Би зүүн гараараа баруун гарынхаа тохойд хүрч хөөргийг авч толгойг нь хагас нээн тамхилаад буцааж сулхан тавиад түүнд эргүүлэн өгөв.

 

Өвгөн түүнийг дээлийнхээ өвөрт буцааж хийхдээ:

 

-Чи ч монголоор сайн ярих юм аа гэлээ.

 

-Баярлалаа, монгол хэл сайхан хэл шүү гэж намайг хариултал, тэд гурвуул хөхрөлдөв. “Та тэгж бодож байна уу” гэж хэлснээ залуу бүсгүй нь настай эмэгтэйд хандан тэд хоорондоо ярьж эхэллээ.

 

Өвгөн инээмсэглэнгээ надаас,

 

-Нэр алдар хэн билээ? гэж асуухад нь би:

 

-Раднаа гэхэд.

 

-Монгол нэр байна шүү дээ.

 

-Тиймээ.

 

-Чиний өөрийн нэр хэн юм бэ?

 

Би түүнд нэрээ хэллээ. Тэр “Айн? гээд толгойгоо бөхийж над руу ойртуулахад нь би “намайг Раднаа гэж дуудаарай” гэвэл,

 

-За, за гэж инээвхийлснээ цааш “тэр ч үнэндээ төвд нэр л дээ” хэмээхэд нь би,

 

-Тэх гэв. Тэр надаас “Энэ нэрийг чи хаанаас авав даа?” гэж асуухад нь би түүнд:

 

-Улаанбаатарт байдаг нэг найз минь өгсөн гэвэл,

 

-Зөв, зөв гээд өвгөн зөвшсөн янзтай толгойгоо дохив.

 

-Тэр надад хэлэхдээ олон монгол хүн төвд нэртэй байдаг гэсэн гэж намайг хэлтэл,

 

-Тэр ч тийм шүү. Монголчууд төвдүүдтэй их холбоотой. Хоёул буддын шашин шүтдэг гэлээ.

 

-Тэх.

 

-Чи буддын шашинтай юу гэж тэр надаас асуухад нь би:

 

-Бараг л гэж хариулсан юм.

 

Тэр чангаар инээснээ, над руу бүр ойртон тонгойж аяархнаар “Би ч бас” гэв.

 

Өвгөн хоёр хундаганд архи хийгээд шилтэйг нь ширээний голд тавилаа. Тэгээд нэг хундагыг нь надад, нөгөөг нь өөрөө авч өргөн бариад “За здоровье!” гэж оросоор хэлэхэд нь би хундагаа өргөж “За Ленина!” гэж хэллээ. Тэр хөхрөн байж “Тийм ээ, за Ленина, за Ленина” гээд бид ч барьснаа уугаад ширээн дээр хундагаа тавиут дахин тэднийг дүүргэж орхив.

 

Гэрт хэдэн хором чимээгүй болцгоолоо.

 

-Тэгээд тэр америк хүн гэж хэлээд байгаа чинь хэн гэдэг хүн бэ гэж би лавлав. Тэд гурвуул хөхрөлдөн байж залуу эмэгтэй нь,

 

-Та Буддаг хэлж байна уу гэснээ тэд дахин биесээ харж хөхрөлдөв.

 

-Тэр хээр ганцаараа амьдардаг юм. Бид түүнийг Будда гэж дууддаг. Манай Будда бурхан биш ээ, гэхдээ л гэгээрсэн нэгэн хэмээн нэмж тайлбарлав.

 

-Тэр солиотой хүн байгаа юм аа гэж настай эмэгтэй аяархан хэлэхэд нөгөө хоёр нь дахин инээлдэв. Өнөөх эмэгтэй инээвхийлснээ эргэн тойрноо сэм хараад дахин бүр хөхрөв.

 

-Түүнд бүү санаа зов оо гээд өвгөн надад хундагатай архи барьчихаад “тэр чиний нутаг нэгт солиотой хүн байгаа юм.” гэж хэлээд хундагаа уруулдаа хүргэх гэснээ больж над руу нүднийхээ булангаар харан байж,

 

-Чи ч бас солиотой биш биз гэв.

 

Би юу ч хариулсангүй, түүний нүд рүү эгцлэн хараад инээмсэглэлээ. Харин тэр “бүх америкчууд солиотой байх даа” гэж хоёр эмэгтэйд хандан хэлээд тэд бас л хөхрөлдөв.

 

-Магад ч үгүй гэж би инээмсэглэн хэлээд бид хундагатай архиа уув. Би түүнээс,

 

-Таны алдар нэр хэн бэ? гэхэд

 

-Төмөр гэж хэлээд настай эмэгтэйг зааж Наранцэцэг, залууг нь Баянжаргал хэмээн танилцуулахад тэд ч над руу уриалгахан инээмсэглэв.

 

-Баянаа гэж залуу эмэгтэйг хэлэхэд

 

-Баянаа гэж би давтан хэлэв.

 

-Таны нэр хэн бэ? гэж түүнийг асуухад нь,

 

-Раднаа.

 

-Өө, сайхан нэр байна шүү дээ гээд тэрээр Наранцэцэг рүү харж инээснээ,

 

-Та юу хий ... гэж ярьж байснаа зогсчихов. Гэрийн гадна нэгэн морь давхин ирэх чимээ сонссон нь тэр байлаа. Бид чимээгүй боллоо. Эмэгтэйчүүд гэрийн баруун талд очиж хаалганаас холгүйхэн сандал дээр суун хийж байсан ажлаа үргэлжлүүлэв.

 

Төмөр над руу дохиод “Ганболд ирж байна”гэлээ.

 

Тэр гэрийн гадаа ирэн мориноосоо хоёр хөл дээрээ үсрэн буух дуулдаж хэсэг хором өнгөрсний дараа хаалга нээгдэв.

 

Хаалгаар нэгэн эр тонгойн орж ирээд зогсохдоо намайг хараад амаа хагас ангайлган зогтусав. Би суудлаасаа босч,

 

-Сайн байна уу? гэж мэндлэхэд өнөөх залуу эр хэсэг гайхан харснаа,

 

-Сайн байна уу? хэмээн хариу мэндлэв.

 

Би ч “сайн” гэж хариулан түүн рүү очих зууртаа даалинтай хөөргөө өврөөсөө гаргаж гартаа барихад тэр эр үүнийг анзааран дээлийнхээ энгэрийг тэмтчиж эхлэв. Бид нэгэн зэрэг баруун гараараа жижигхэн хавтгай хөөргөө солилцон тамхилцгаав.

 

Тэр миний сууж байсан сандлыг заагаад

 

-Суу гэж хэлэв.

 

Гэрийн баруун талаар гарч хоймор руу очиход нь Төмөр хажуу тийш зай тавьж өгтөл дэргэдэх сандалд нь тэр суулаа. Тэгээд

 

-Чи монгол хэлээр ярьдаг юм уу? гэхэд нь

 

-Хичээж л байна гэж би хариуллаа.

 

Төмөр түүн рүү дөхөн “Тэр монголоор сайн ярьдаг” гэв.

 

-Чи хаана хэл сурсан юм бэ?

 

-Улаанбаатарт.

 

-Хаанаас ирсэн бэ?

 

-АНУ-аас гэж намайг хэлтэл,

 

-Айн? гэж тэр нэг л ойлгосонгүй гайхахад нь

 

-Америкаас гэвэл,

 

-Монголд яах гэж ирсэн юм бэ? гэж асуухад нь

 

-Энэ бол дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнт орон гэж би хэллээ.

 

Залуу эр нүдээ ирмэв.

 

-Бас нэг солиотой америк хүн гэж Төмөрийг хэлэхэд нөгөө хэд ч инээлдэцгээв.

 

-Нэр хэн билээ?

 

-Раднаа.

 

-Хэн гэнээ? гэж тэр гайхлаа.

 

-Тиймээ, монгол нэртэй юм. Сайхан нэр. Тэр бас буддын шашин шүтдэг гэж Төмөр нэмж хэлэв.

 

-Харин таныг? гэж би түүнээс асуув.

 

-Ганаа.

 

-Тантай танилцахад таатай байна гэвэл,

 

-Тиймээ, тийм танилцахад таатай байна гэж Ганаа хариулаад инээмсэглэв.

 

Гэр дотор дахин намуухан болов.

 

-Ганаа, мал сүрэг тавлаг уу? гэж намайг асуухад,

 

-Тавлаг, тавлаг хэмээн тэр хариулав.

 

Тэгээд Төмөр, Ганаа хоёр энэ өдрийн мал ахуйн талаар ихэд сүрхий ярилцаж эхлэв. Төмөр над руу хаνδΰν υΰινγΰδσσυΰν γΰπΰΰ ρΰβχθν υύλύβ. “Раднаа өнөөдөр энд унтаарай” гэж урилаа.

 

-За, за гэж хэлээд би гэрээс гарч мориноосоо ачаагаа буулган эмээл, тохом зэргийг гэрийн гадаа үүдний дэргэд тавиад, аяны үүргэвчээ нээв. Тэгээд нэг талх, хад жимсээр хийсэн шилтэй чанамал, λξνυ архи барьсаар гэрт орж ирээд ширээн дээр тавив.

 

Би ширээн дээр байсан хоёр хундаганд архи хийлээ. Намайг гарахаар эргэж явахад Ганаа над руу толгой дохин хундагатай архийг хөнтрөөд, босч миний араас гарав.

 

Би гэрийн гадна явган сууж ачаанаасаа чөдөр олж аваад босч уяа руу алхлаа. Ганаа уяатай таван морийг суллаж цулбуураас нь барин “Наад хэдийгээ тэнд нь орхи” гэж надад хэлэв. Тэгээд тэднийг хөтөлсөөр гэрээс холгүй чимээгүйхэн урсах жижигхэн горхийг чиглэн явлаа.

 

Би эмээлээ тохомтойгоо дараа нь ачаагаа хоёр хэсэг болгон зөөж гэрт оруулаад эмээлийн тохуурын өмнө бөөгнүүлэн тавив. Тэрхүү гэрийн шал нь гэвэл газар дээр дэвссэн хивс.

 

Би ширээний зүүн талын сандал дээр суулаа. Харин Төмөр хутгаар нөгөө талхны хөгцөрсөн хэсгийг авч байв. Түүний хутганы үзүүр бариулаа хүртэл элэгдсэн нь их л олон ирлэж байсан бололтой.

 

-Талх жаахан удсан юм гэж намайг зовнингуй өгүүлэхэд,

 

-Зүгээр ээ, зүгээр гэж Төмөр нэг их тоосонгүй маягтай хэлээд үргэлжлүүллээ.

 

-Тэглээ ч таны хутга шиг хуучин биш л дээ гэж би хошигнон хэлбэл, Төмөр ч инээх аядав. Тэр “зүгээр, зүгээр” гэж хэлэнгээ талхыг барьж хөгц үлдсэн эсэхийг үзэхээр эргүүлж тойруулан харав. Талхыг ширээн дээр тавиад, хутгаа зүүн гарынхаа алганд арчин надад сарвайв.

 

Би хутгыг баруун гараар тосон авч ойртуулан сайтар шинжлээ.

 

Төмөр түүнийг оросынх гэж хэлэхэд нь би хутганы ирэн дээрх “НΞΒΞΡΘΑΘΠΡΚ” гэж крилл үсгээр цохисныг хараад,

 

-Тийм байна гэж хариулав.

 

Тэгээд зүүн гартаа түүнийг барьж баруун гараараа гутлынхаа түрийнээс өөрийнхөө хутгыг гаргаж ирээд бариулыг нь Төмөр рүү харуулж ирийг нь алган дээрээ тавьж түүнд өгөв. Тэр хутгыг аваад

 

-Том юм аа гэв.

 

-Тиймээ, том шүү.

 

Тэр гартаа хутгыг эргүүлж тойруулж хараад “сайн байна” гэж хэлээд надад буцааж өглөө. Би ч хутгаа ширээн дээр тавьчихаад хутгыг нь буцааж өгөхөд тэр түүнийг гутлынхаа түрийд шургуулав. Би талхыг зүслээ.

 

Бид оройн хоол бэлэн болохыг хүлээж суув. Гэрт дулаан байсан учраас би дээлийнхээ энгэрийн товчийг тайлж, малгайгаа хойшлуулав. Төмөр намайг ажиглаж сууснаа “сайхан малгай байна” гэв.

 

-Надад таалагддаг юм. Таны малгай ч бас таалагдаж байна. Гэхдээ бидний малгай ижил байсан юм.

 

-Чи чинь “коубой” байна гэж өвгөн хэлээд инээв.

 

Би сандлаа гулсуулан ширээг тойрон өвгөний хажууд суугаад түүний мөрөн дээр гараа нөхөрсөгөөр тавиад,

 

-Төмөр өө, дахиад нэг барья гээд шилтэй архины тагийг нь авч хундагалав.

 

Тэгээд хундагатайгаа шууд л барьчихаад ширээн дээр тавилаа. Гэтэл хэдхэн хормын дотор Төмөр дахин тэднийг дүүргээд “уу, Раднаа” гээд бид дахин хундагыг хөнтөрлөө. Би хошуугаа дээлийнхээ ханцуйгаар арчив.

 

Гэрт халуун, тоостой ч тухтай байлаа.

 

Ганаа гаднаас нэг эмээл барьсаар орж ирээд миний аяны үүргэвч өмнө нь байсан тохуур дээр эмээлийг тавьлаа. Тэр эргэж гэрээс гарч өөр нэг эмээл, бас тохом зэргийг оруулж тавиад ширээний дэргэд дахин суув.

 

Эмэгтэйчүүд хоол аягалж байлаа. Баянаа миний өмнө аягатай хоол тавих зуурт би түүнээс,

 

-Та нар түүнийг яагаад “гэгээрсэн” гэж нэрлэсэн юм бэ? гэж асуухад тэр хэрдхийснээ инээмсэглэх аядав.

 

-Тэр хүн бидний мэдэхгүйг мэддэг гэж Төмөр доогтой хариулав.

 

Би Төмөрийг харвал, тэр аягатай гурилтай шөлнөөс халбагадан идэж байснаа залгичихаад,

 

-Тэр тэнд ганцаараа амьдардаг юм. Мал ч малладаггүй. Арилжаа наймаа ч эрхэлдэггүй. Тэр ямар нэг юм мэддэг гэлээ.

 

-Тэр тэгээд юу хийдэг вэ? Яаж амь зуудаг юм бэ? гэвэл,

 

-Тэр анчин хүн гэж Баянаа ασψσσυΰν ξγφξμ υύλύβ.

 

-Тэр юу агнадаг юм. Тэнд чинь агнах амьтан ч үгүй шүү дээ хэмээн Ганаа түүн рүү харан ширүүхэн хэлэв. Тэр хоолойгоо засаад ширээ ширтэн,

 

-Хониноос бусдыг гэж нэмэв.

 

-Та түүнийг хонь барихыг нь харсан юм уу? гэж лавлахад минь Төмөр нүүр дүүрэн инээвхийлж Ганаа бид хоёрыг ээлжлэн харав.

 

Би дуугүйхэн хариу хүлээн Ганаа руу харвал тэрээр хоолоо идсээр л түүний харц аяганаас салсангүй. Тэгээд тэр над руу эгцлэн нэг харснаа Төмөр рүү, дараа нь гэрийн үүд рүү харцаа шилжүүлснээ дурамжхан инээмсэглэх аядаад “үгүй, үгүй” гэв.

 

Төмөр над руу бөхийсхийн дөхөж, хоолойныхоо өнгийг аядуухан болгож сэм өгүүлрүүн: “Нэг удаа тэд гурвуул түүнийг далдаас ажигласан юм. Харин тэр өдөржин унтахаас өөр юу ч хийсэнгүй аж. Тэгээд үдэш болоход тэр босч нар шингэх зүгт явжээ. Тэд түүнийг дагасаар байтал нарны туяан дунд орж σσρΰн дахин харагдахгүй болжээ. Дараа өглөө нь тэр буцаад ирчихсэн байсан гэнэ” гэж ярьснаа эгцэлж суун “Мал хэзээ ч алга болж байгаагүй ээ” гэж нэмж хэллээ.

 

-Алга болохгүй л бол сайнсан даа гэж Ганаа хэлэв.

 

-Тэд түүнийг гурван ч удаа мөшгих гэж оролдсон ч Буддагийн талаар юу ч олж мэдээгүй гээд Төмөр чанга гэгч нь хөхрөв. Ганаа аягатай хоолоо гөлөрсөөр иднэ.

 

-Тэр юу идэж уудгийг хэн ч мэдэхгүй юм уу? гэж би асуув.

 

Төмөр нүдээ арчин байснаа “Хүмүүс түүнтэй ярилцахад тэрээр шөнөөр ан хийдэг, “араатанг” гэж хариулсан гэдэг. Гэхдээ энд баавгай, чоно аль нь ч байхгүй шүү дээ. Түүнд буу ч байхгүй. Тэр солиотой хүн” гэв.

 

-Тэр хонины мах идэхгүй. Ер хэзээ ч малд ойртож үзэгдээгүй. Ямар ч хонь алга болоогүй гэж Баянаа дуртайхан үг хавчуулав.

 

-Өвс иддэг ч байж магад гэж Наранцэцэгийн хэлэхэд бид бүгдээрээ инээлдлээ.

 

-Тэр тэнд хэр удаж байна вэ? гэхэд, Төмөр,

 

-Энэ хавар биднийг энд буухад л тэр байж байсан. Түүнийг тэнд хэдийнээс амьдарч байгааг хэн ч мэддэггүй юм. Хаана өвлийг өнгөрөөснийг ч мэдэхгүй. Тэр тэнд гадаа ганцаар байх учиргүй. Тэр хөлдөж үхэх байсан шүү дээ гэж ярив.

 

-Түүнд гэр байхгүй. Гадаадаас авчирсан майхан ч байхгүй. Тэр гадаа газарт унтдаг гэж Баянаа догдлон уулга алдлаа.

 

-Тэр зүгээр л солиотой хүн, түүнд санаа зовох хэрэггүй гэж Төмөр тоомжиргүй хэлэв.

 

-Ирэх өвөл тэр лав осгож үхэх байх даа гэж Баянаа уясангуй хэлэхдээ түүний царай санаа зовсон янзтай байв.

 

Ганаа дуугүйхэн аягатай шөлөндөө талх дүрэн сууна. Наранцэцэг аягатай хоолоо зогсолтгүй халбагаараа хутгаж байхдаа залхсан байдалтай гэр доторх хүмүүсийг тойруулан нэг харангаа хоолоо үргэлжлүүлэн идлээ. Төмөр тэнд хөхүүлэн ханиана.

 

-Тэр тарвага, хулгана л идэж байгаа даа гээд хөмсөг атируулан байж “Тэр ердөө л нэг солиотой харийн хүн” гэлээ.

 

Оройн хоолны дараа эмэгтэйчүүд аяга шанагаа угааж цэвэрлэв. Ганаа юу ч ярьсангүй дээлийнхээ өврөөс баахан шахагдсан монгол янжуур тамхи гаргаж Төмөрт дараа нь надад өгөхөд нь бид ч үг дуугаралгүй татгалзав. Ганаа тамхиа удаан сорох аж.

 

Гэтэл Баянаа хөзөр гаргаж ирээд “Мушги тоглоцгооё” гэв. Тэгээд тэр хөзрийг хольж тараагаад бид тоглож эхэллээ. Баянаа надаас америк орон, Улаанбаатарт хэрхэн амьдарч байдаг, өөр ямар улс оронд байсан хийгээд яагаад тал хээрээр ганцаар аялж яваа тухай асууж лавлана. Удалгүй миний талаарх бүгдийн сонирхол тоглоомонд улайрсаар замхрав.

 

Ууж, хөгжилдөж, хөзөр тоглосоор үдшийг өнгөрөөлөө. Би бусдын адил хэд хэдэн удаа гадагшлав. Гэрээс гарч баруунтаа, зүүнтээ зайдуухан шээлээ.

 

Тэр оройдоо би Будда гэгчийг олж уулзахаар шийдлээ.

 

Би гэрийн шалан дээр аяны хөнжлөө дэвсээд унтлаа. Шөнө хүйтэн, зуухан дахь гал унтарсан байсан ч хэн ч түүнийг дахин өрдсөнгүй. Би бүсээ тайлж тавиад дээлийнхээ энгэрийг задгай унтаж байснаас шөнийн сэрүүн цээж, нүүрийг жиндүүлж байлаа.

 

Дараа өглөө нь бид эртлэн босоцгоов. Өглөөний хоолонд чанасан хонины мах идэж, сүүтэй цай уув. Тэгээд Ганаа мордож горхийн цаад руу баруун хойшоо явлаа. Горхи тахиралдан сүлжисээр баруунаас хойд зүг рүү намуухан урсах аж.

 

Хөндийн хойд захад хэдэн хонь үзэгдэнэ.

 

Би гар нүүрээ угаагаад, дашмагтаа горхийн ус дүүргэж аваад морьдоо замд гарахад бэлтгэв. Төмөр гэрийн гадаа зогсож байлаа. Тэр гараараа эзгүй талын өмнө зүг тийш зааж,

 

-Тэнд л Будда амьдардаг даа гэв.

 

-За, гэж би инээмсэглэн зөвшингүй хариулав.

 

Хээр тал өмнө хэсгээрээ намхан толгод үргэлжлэх ажээ.

 

Өглөө эртэд нарны туяанд бидний сүүдэр тал дээр тусахад их урт болсон байлаа. Өвсний толгой ч урт болсон агаад хээрийн салхи сэвэлзэн наадахад нэгэнтээ гэрэлтэж эсвэл бараантаж үзэгдэнэ.

 

-Баяртай гэж намайг хэлэхэд,

 

-Баяртай гээд Төмөр инээмсэглэв.

 

Би мориндоо мордож хөндийг орхин явлаа.

 

Урьд нь гадарлаж байсан ч, тэр үедээ бяцхан горхийн дэргэдэх гэр хээр талд миний тааралдсан сүүлчийн амьд хүн амьтан байх юм гэдгийг би мэдсэнгүй.

 

 

Хоёрд